Уг гарвалаа гаргуулж угаа барьсан минь
12 сарын эхээр байна уу, 11 сарын сүүлээр байна уу нөгөө улаач дүү хүү маань ирэхийг хүсч,бууралтайгаа уулзаарай гэдэг байгаа. Тэгээд очиход буурлыг маань багшийнхаа биед дахиад л буулгаж байх юм.Дандаа ингэж болдог ч юм уу,болдоггүй ч юм уу хэн мэдэх билээ дээ.Тэр улаач хүүгийн маань ээжийн талынх нь бэргэн тулгар биетэй,ураг нь доош суулттай гээд буурлаар засуулах гэж үзүүлэв. Буурал минь улаач хүүг засаад өг гэхэд нь би,алив хүү нь чадна гэтэл  болохгүй хэмээн хориглоод, намайг тэнгэрт холбогдохоороо хийгээрэй гэдэг байгаа.Мөн өөрийнхөө овог удмынхаа нэрний тухай,аль үеэс үүссэн тухай сонирхож асуухад,Төв Боржигоноос гаралтай,Дархадуудтай холбоотой явсан гээд цаашид хэлэхээ шүтээний өргөөндөө бууж байгаад,өөрийн үрсдээ хэлье.Энд цэцгийн дэлбээ шиг олон гадны удмын үрсүүд байна гэсэн дээ.Буурлаа мордсоны дараа багшаас нь учрыг лавлахад,намайг улаач болох ёстойг хэлдэг юм  байна. Би гэдэг хүн урд өмнө өөрийн хоёр хүүхдийнхээ тархины доргилтыг засчихдаг,эхнэрийнхээ савыг барьчихдаг байсан л юм.Гэтэл заавал тэнгэрт холбогдож хийхийг сайтар ойлголгүй,мөн бөөг сайн мэдэхгүй тул нэг л итгэлгүй, нөгөө талаар удмын улаач болж байгаа хүү байхад, өдий нас ахиж, толгой буурал болсон өөрийгөө бас улаач гэхэд тээнэгэлзэж байлаа.Төв Боржигон гэдэг тусдаа овог байхгүй,Боржигон овог дотор Хияд нь төв болж байсныг хэлж байгаа болов уу даа гээд,хаадын угсаа юм болов уу гэж бодож суув. Ингээд гэртээ ирээд Аянга удганд энэ тухайгаа хэлэхэд би танд ойлгуулах гээд багштайгаа уулз гэсэн шүү дээ. Та одоо болтол 2 сар өнгөрч байхад очихгүй байдаг гэж хэллээ. Гэсэн ч мөн л итгэл бага байсан тул одоогийн өргөөнийхөө зөвлөх удганаас бас асуулаа. Тэр үед зөвлөх удган маань өргөөнд нэгдээд удаагүй үе байсан болохоор бас л итгэхгүй, Хасар дээдсийн улаачтай холбогдоход яг бууж байсан үе нь таарч түшээ хүүгээр нь дамжуулж өөрийгөө асуулаа. Нэр усыг нь мэдэхгүй, фээсбүүкээр харьцаж ч байгаагүй тул асуух хэцүү байсан ч далдаас нэг юм одоо асуу гээд шахаад байсан болохоор зүрх гарган асуусан юм. Тэгсэн “Тэргүүн нэгэн бууралтай, тэнхлүүн нэгэн бууралтай, тэнтэр тунтар гэж тонгочиж явахдаа юу мэдэж байсан юм” гэж байна аа таныг гээд улаач нь өөрөө харьцаж, хаан өргөөндөө ирсэн тул Хасар дээдэс яараад мордчихлоо гэж хэлдэг байгаа. Тэгээд итгэх ч биш, итгэхгүй ч биш хоёрын дунд болоод,хэд хоносны дараа өргөөнийхөө Долгормаа гэдэг охинтой харьцаж байсан чинь нөгөө охин, таны буурал ингэж байна гээд хэллээ. Энэ охин мундаг мэдрэмжтэй, бас нүдээрээ хардаг хүүхэд байсан. Гэсэн ч мөн л тээнэгэлзэж байсаар, Аянга удганы багш,аавынхаа хуурай дүү,Улаан хуйлар бөөгийн тэргүүн Өлзийхутаг зайрантай уулзах гэж гүйж явахдаа автобусанд хар сүнсэнд сэглүүлж билээ.Өлзийхутаг зайран ч олигтой зүйл хэлээгүй тул дахиж очоогүй юм даа. Хандгайтад өргөөнийхөн маань салхинд гарч зугаацсан тэр өдөр, зөвлөх удган маань таныг төдөн хүн дагаж явна, толгой онго чинь тантай адилхан юм, одоо ард чинь зогсож байна гээд л барин тавин хэлэхэд шилэн хүзүүн дундуур нэгэн зүйл цохиод авах шиг болоход эргэж харж билээ. Тэгэхэд өргөөний хүүхдүүд гайхаад л эргэж харлаа гэж ойлгоод үлдсэн байхдаа. Ингээд энэ өдрөөс хойш эргэлзэхээ больж, улаач болох ёстой гэдэгтээгээ эвлэрсэн дээ. Нэгэнт бөөгийн удамтай нь үнэн юм чинь, тэрийгээ мэдэх юм чинь хаашаа зугтаахав дээ хөөрхий. Ингээд зөвлөх удганаараа уг гарвалаа гаргуулж, эдлэл хэрэглэлээ хэлүүлж, бичүүлж авлаа.Энэ өдөр эдлэл хэрэглэлээ бичүүлж байхад,хаад ноёдын угсаа гэдгийг дахин хэлэв. Ямар ч мэдлэггүй болохоор босох хүртлээ өөрийн бэлдэх зүйлээ мөн ч их асуудаг байсан. Зөвлөх маань бага залуу хүүхэд гэхэд их даруухан, үг хэл дэг жаягтай, 7-8 жил болсон мундаг удган шүү. Би хувьдаа албан ёсоор багш шавь болж ёс гүйцэтгээгүй ч багшаа гэж боддог, хүндэлдэг, хайрладаг болсон. Энд сонирхуулахад дуудлага үгээ хэлээд, сайн сайхныг бодож байхад сэтгэл санаа сэргэж, үйл бүтээд байдаг юм шүү. Би хэлдэг болсноос хойш гарын алга халуу оргиж, бие чангараад л Аянга удганыхаа зөвлөсний дагуу гэрийнхнээ алгаараа төөнөж эхэлсэн юм. Эхлээд нүдээ аниад алгандаа анхаарлаа төвлөрүүлж байсан ч тоймтой юм болоогүй ч гэрийнхэн минь халуун мэдэрч байсан шүү. Яваандаа би өөрөө бага багаар мэдэрдэг боллоо. Бас нүдээ аньчихсан хэрнээ хараад байх шиг. Мэдэхгүй болохоор дэмий санаа дагаад байна уу гэж бодоод байлаа. Гэтэл сүүлдээ эхнэрийнхээ бие доторх эд эрхтэнг, зүрх нь цохилж байгааг хүртэл хардаг болов. Бас хүмүүсийн биеийн гадуурх гэрлэн бүрхүүлийг ч хардаг болов. Нэг л солиотой юм шиг. Өргөөний хүүхдүүдийн гэрлэн бүрхүүлийг харж хэлж өгдөг болов. Нэгэн өдөр өргөөний нэг хүүтэй цуг автобусанд сууж,Өлзийхутаг зайрантай уулзах гэж явж байсан чинь хороололд хэсэг хүмүүс орж ирэхэд, нэг гар багалзуурдаад авах шиг нүд харанхуй оргиж дотор бачууран давчдаад,хоёр мөрийг таширлаад нэвт жадлах шиг болж, бие өвдөөд хэцүү болоход дуудлагаа хэлээд тусламж гуйхаас өөрийг хийж чадахгүй, мэдэх ч үгүй байж билээ. Тэд ч нэг буудал яваад автобуснаас буусан ч юм уу,хаа нэг тийшээ явчихсан ч юм уу,алга болчихсон юмдаг. Би дунд хаалганы хажуу урдах сандалд сууж, нөгөө хүү хажууд зогсож явсан юм. Тэр өмхий үнэртээд гээд арагшаа явчихсан байна лээ, сүүлд асуухад. Би сууж байснаараа хар муу сүнснүүдэд дайруулж, тэр өдрөөс хойш бүх мэдрэмж минь алдагдсан билээ. Энэ явдал 12 сарын дундуур болсон юм. Анх удаа сэрүүн байхдаа далд ертөнцийн мэдрэмжийг, мөн дайралтыг бие дээрээ мэдэрсэн тохиолдол минь байгаа юм. Хавар 4 сарын дундуур өргөөнийхөн Баянзүрх хайрхандаа мөргөх гэж салхинд гарч билээ.Миний хэллэгээр мөргөх гэх юм уу,эсвэл тахина гэх юм уу бүү мэд,буруу бол мэддэг хүмүүс нь өршөөгөөрэй. Тэр өдөр анх удаа Аянга удгантайгаа нүүр тулан уулзаж, хаан дээдэсдээ гараа атгуулан нялхарч, анх харьцаж байсан үеийг хиргүй тунгалгаар инээдэм болгон хүүрнэлдэж билээ. Тэр үед хэмжээгүй их хайр, дулаан сэтгэлийг мэдэрсэн. Ямар сайндаа сандарч “Таныг хичнээн удаан хүлээв ээ” гэж хэлээд, хаан “Хэдий удаан хүлээгээ вэ” гэхэд 800 жил гэж хариулсан чинь “Чи чинь ийм их настай юм уу” гэж эргэж асуугаад бөөн инээдэм болж билээ. Анх Мөнхгэрэлийн бичсэн бичлэгийг сонссон цагаас авхуулаад би эзэн хааныгаа мөн гэж итгэсэн. Өдий болтол хэн олон түмнээ, газар эхээ, байгаль эх дэлхий ээжийгээ гэсэн чин сэтгэлээр хэлж байв. Хэн үнэн гэж тунхаглаж, ард иргэдээ гэгээрүүлэх гэж зүтгэж байна. Олонд янз бүрээр хэлэгдэн үйлээ хийж, өнгө мөнгөнд шуналгүй оройлж байгаа нь хэн байна. Бусад нь нэр төр, байр суурь, өнгө мөнгөний эргүүлгийн тойрогт л байгаа бус уу. Хаан дээдсээс минь өөр байхгүй байхаа, байх ч үгүй юм. Бусад нь юу гэж ойлгож, хүлээж авах нь цаг хугацаа харуулна бизээ.
Би хэрэглэл юмаа бэлдсээр бэл бэнчин дутахад, дээдэс минь тусалж дарханд өгөхөд дутаад байсан 450,000 төгрөгийг Аянга удганаар төлүүлж,мөн алс холын харь орноос чамд байх ёстой толь хэмээн нэгэн толийг өртөг гарган авчирч өгсөн билээ.Олны гүтгэж хэлж яриад байгаа шиг хүмүүсийн зовлонгоор мөнгө хийгээд байсан биш,харин олонд өөрийн чадах хэрээрээ туслаж,дэмжиж байгааг нүдээр харсан бүхэн хайрлан хүндлэхийн аргагүй байдаг даа.Эгэлхэн их нийтэч зантай,инээмсэглэсэн хамаагүй яриатай,нүдэнд дулаахан сайхан бүсгүй байсан шүү Аянгат удган минь.Харин дээдсүүд буусан үед нөгөө хамаа бусын яриа хааччихав гэмээр их ажил хэрэгч болчихсон байдаг байж билээ.Гэхдээ дээдсүүд ч хүн байсан болохоор бидэнтэй бас инээж хөөрч,тоглоно шүү дээ. Хаврыг аваад 5 сарын 26 нд хээр гарч буурал дээдсүүдээ хүлээж авахаар зөвлөх удган, Боорчи жанжны улаач Энхтөр зайрангийн хамтаар, өөрийн адил шинэ босох багачуудтай нийлээд цугаар явж билээ.Тэнгэр газар,уул усандаа мэдүүлж,хонин шүүсээ бэлдэн бусад хэрэгцээтэй бүхнээ зэхээд,лус савдагтаа өргөл барьцаа өргөх гэх мэт ёсоо гүйцээв.Тэр үед энэ чинь ямар учиртай юм,тэр чинь яаж байгаа юм,ингэхгүй байж болохгүй юу гээд л ер ам хуурай байгаагүй билээ,нялх хүүхэд адил байсан даа хэ хэ. Амьдралдаа үзэж байгаагүй бүхнээ үзэж байгаа болохоор нэрэлхэх гэгчийг мэдэхгүй асууж байсан шүү.За тэгээд түүдгийн дэргэд хуяглаж аваад, хэнгэргээ нүдэж байсан ч ямар ч мэдрэмж байхгүй өдрийг авдаг байгаа хэ хэ. Боорчи жанжны улаач зайран шөнө болтол “Та улаач болж чадахгүй, маргааш хамаг юмаа аваад буцаарай” гээд загнаж гарав. Гомдох шиг, уур ч хүрэх шиг. Өдий насанд ирчихээд олны нүдэн дээр яаж ёсгүй аашлах билээ. Гэхдээ л бусад маань миний уцаарлыг мэдэрцгээсэн байна лээ. Зайран, охинд минь миний шарыг хөдөлгөж, буурлуудыг минь сандаргах гэж л тийн аягласан тухайгаа ярьж, багачуул галаа манан хоносон гэсэн. Бяцхан заль гаргажээ. Би ч яахав, маргааш нь нар мандах үеэр түүдэг асаан байж, ганцаараа хэнгэргээ дэлдэн суулаа. Орж ирээд байгаа буурлуудаа мэдрэхгүй, тогтоож чадахгүй дэмий дэлдээд ядарч байлаа.Нэг удаа хэнгэргээ нүдээд байж байсан чинь уулын бэл харагдаад л,нэг чоно мод хаяалаад эргэн тойрны нутгийг харуулаад байх шиг байхаар нь гайхаад,тэр дороо зогсоод залаалж байгаа удганаасаа асуух гэсэн чинь буурлаа гаргачихаж гэнэ ээ.Залаалж байгаа зайран маань загнаад,удган маань аргаа барж байх шиг хэ хэ.Буурал маань буучихаад нутаг усаа үзүүлж байсныг мэдэхгүй л үргээчихдэг байгаа хөөрхий. Тэгээд түүдгийн дэргэд суугаад, өвөг дээдсүүд минь өдий насласан буурал үрдээ мэдрүүлээд буугаач гээд яагаад ч юм сэтгэлдээ хэлээд уйлж суулаа.Цаанаасаа нэг л харуусал төрөөд л,өөрийгөө голоод л уйлсан юм болов уу? бүү мэд,одоо болтол учрыг олоогүй л явна.Тэгээд итгэлгүйхэн хэнгэргээ нүдэж байтал нуруу дагаад нугасаар доошоо юм гүйж байгаа мэдрэгдээд, толгой хоёр тийшээ савчаад, гар өөрөө хөдлөөд л, бие минь суудал дээрээ үсчээд их сонин болоод л гар зогсчихдог байгаа. Зөвлөх удган маань босоод нүүр гараа угааж байсан тул санд мэнд яараад, охиныг минь буучихлаа оч гэж явуулаад, өөрөө сандран ирлээ. Би чинь сүнс гэдэг чинь хөл гартай, тэр нь хөл гарт мэдрэгдээд, миний сүнс гарч өөрийгөө хараад, оронд нь буурал бууж байраа солиод байх юм бодож байсныг яана. Одоо бодоход ёстой ичмээр, арга үгүй л бодит төсөөлөл, материалист сэтгэлгээ дээ. Яахав, яахав анхны юм бүхэн сайхан байдаг юм чинь. Охин минь сандран сүү аягалан барихад би мэгшиж уйлаад л сүйд болдог байгаа. Бүүр охиныг тэвэрч аваад уйлахыг яана. Дотор гайхсан баярласан хоёр сэтгэл зэрэгцээд байх шиг нэг л сонин. Хаана байгаа юм буурал маань, би өөрөө л хөдлөөд байх шиг. Энэ цаг үеийг их удаан хүлээлээ гээд л уйлах юм. Зөвлөх удган мэнд мэдэн золгоход талархаж гялайж байгаагаа илэрхийлээд цааш нь “хаан дээдсийнхээ үйлэнд хамжаа болж, харваа намнаанд нь халхлах бамбай болж” гэж ирээд баахан том үгийг толгой холбоод авч өгдөг юм байна, би өөрөө. Гэхдээ би өөрөө бишээ, толгой хүнд оргиод, хөдөлгөөн маань нэг л хөшүүн болхи, ядруу дуу байх юм. Яаж байгаагаа ч ойлгох шинжгүй, өөрт минь захирагдахгүй байгааг л мэдэрч байсан. Энэ бол яг л анхны төрсөн мэдрэмж, сэтгэгдэл билээ. Ингэж л анх удаа удмын буурал дээдсүүдээ буулгаж авч байлаа. Мөн нүдэнд минь уул тал харагдаад л, хаа нэгтээ огт танихгүй газрыг хараад нисээд байгаа шиг сэтгэгдэл төрж  байсан юм байна. Дараа нь учрыг асуухад буурал минь дагуулаад нутаг усаа харуулсан байна гэж залаалсан удган  багш маань хэлж байсан. Би чинь аав ээжийнхээ хоёр талаас буюу аавынхаа ясан тал, ээжийн цусан талаас цугт нь авч байгаа юм билээ. Ингээд буурал дээдсүүдээ буулган хүлээж аваад 6 сарын 1нд гэрлүүгээ буцаж явах замд чихэн дээр эр эм хүмүүс “Аяны шувууд” дууг дуулалдаад, машин хөгжимгүй бас би сонсгол муу болохоор гайхан сонсож яваад унтчихсан шүү. Хажууд жолоо барьж яваа охиноосоо асуухад мэдэхгүй байсан. Хий зүйл сонсоод таатайхан дугжирчихсан нь ёстой гайхамшиг болсон. Энэ бөө гэдэг гайхамшигтай ертөнцтэй лавхан танилцаж, суралцах үе ингэж ирдэг байжээ. Удмынхаа буурлыг буулгасан улаачийн эхний бодол, мэдэхийг хүсдэг зүйл нь бууж ирсэн буурлынхаа алдар нэр, ямар газар усанд аль нутагт амьдарч байсныг мэдэх гэж хичээдэг юм байна лээ. Би ч ялгаагүй тийм байлаа. Гэвч бүрэн тасрах гээчийг мэдэхгүй, үзээгүй болохоор хэлэх арга үгүй байна. Харин мэдрэмжтэй байгаа болохоор хэлэх гэсэн үгийг нь хааж боодог юм уу бүү мэд, элдэв асуусан зүйлд тэгсхийгээд хариулах юм билээ. Миний хувьд, залаалсан багш маань хаад хаадын  9 жононгийн нэг нь байгааг хэлсэн болохоор тэр буурлаа буулгаж билээ. Анхны удаа буурлуудаа мэдэрч буулгасан тэр өдрөө жонон өвгөө буулгаж ихэд баярласан шүү. Маргааш нь өглөөний цайгаа уугаад сууж байтал толгойд Харууцаг гэдэг нэр эргэлдээд ер болдоггүй, ямар учиртай нэр юм бүү мэд. Хаа нэгтээ уншсан ч юм шиг боловч огт мэддэггүй нэр байх юм. Залаалсан багшаасаа учрыг лавлахад таны жононгийн нэр шүү дээ, танд бодлоор тань мэдрүүлсэн байна. Үгүй ээ, ингэхэд би гэдэг хүн Улаан Ямаат овогтойгоо мэдэх ч хаадын удам судар гэж огт бодож явсангүй. Зөнгөөрөө үндэсний үзэлтэй болоод л Эзэн Хаан, 13-р зууныг өмөөрдөг гэж өөрийгөө боддог байлаа. Гэтэл удам судар нь болчихдог гэж байх юм даа.
Би гэдэг хүн Монголын нэгэн нэрт зохиолчийн гэрт ууган хүү нь болж төрсөн. Хэ хэ, нэр усаа нуугаад ч яахав дээ. Улаан Ямаат овогтой Дамдинсүрэнгийн Урианхай гэдэг хүний ууган хүү Ганхуяг байна аа. Улаанбаатар хотын 1-р төрөхөд 1960 онд мэндэлж, 8 сартайгаасаа хөхлүүш гэдэг өвчин тусаад 2 жил гаран эмнэлгээс эмнэлэг дамжин өвчин болгоныг ( өөрөөр хэлбэл шар өвчнөөс бусдыг) туссан гэж ээж минь хэлдэг байсан даа. Их л бие муутай хүүхэд байжээ дээ янз нь. Ээж минь анагаахын дээдийн 1-р дамжааны оюутан, аав минь Оросд 1-р дамжааны оюутан байхад би мэндэлсэн гэдэг. Намайг 8 сартай байхад хамаатны нэг эгч сүрьеэгээр өвдөж эмнэлэгт хэвтэхэд, миний үеийн хөхүүл хүүхэд нь үлдэхэд ээж хөхүүлдэг байжээ. Тэр хүүхэд хөхлүүшээр өвдсөнийг мэдээгүй байсан тул хөхөөр дамжин надад халдсан гэдэг. Тэд маань бурхан болцгоосон гэдэг ээ. Би эмнэлгээс шинэ өвчин аваад л өөр эмнэлэгт шилждэг байсан гэсэн. Стертомезин гэдэг тариа л их хийдэг байснаас сонсгол хатуурч муудсан гэдэг билээ. Ээж ядахдаа хадмындаа очоогүй болохоор хүүхдээ сахиад л, хажуугаар нь эмнэлгийн аяга савыг угааж өөртөө идэх юм олж иддэг байсан гэдэг. Ямар сайндаа дараагийн гарсан эмэгтэй дүүг маань хэдхэн хоногтой байхад нь хөхнөөс нь гаргаж эмээд минь өгч өсгүүлсэн гэдэг. Ёстой ээжийнхээ овсгоо, авъяас, хайр халамжаар тэр хүнд үеийг давж гарсан гэж хожим тэр үед үзэж байсан эмч нар хэлж билээ. 1976 онд тэр үеийн сайд нарын 2-р эмнэлэгт миний ээж ажиллаж байхад нэг настай эмч байсан. Тэр хүн ээжийн багш бас намайг үзэж байсан эмч юм байна лээ. Тэр настай эмч одоо наад хүүхэд чинь хүн болохоосоо өнгөрсөн, өөрийгөө зовоохоо больж үз гэж ээжид олон хэлдэг байсан гэсэнсэн. Огт амьд гарах боломжгүй нөхцлөөс амьд гарч, өдий том залуу болчихдог азтай хүү гээд ярьж билээ... Одоо бодоход энэ буурлууд улаачаа торгоон тогтоосон юм шигээ. Гэхдээ л яах ч арга үгүй миний ээжийн халамж, зүтгэл үнэмлэхүй хувийг эзэлнэ дээ. Хэдий хорь гаран жилийн тэртээ төрөл арилжаад, одоо үр наддаа онгод болон бууж ирсэн ч ээжийнхээ тухай дэлгэрэнгүй бичихийг маш их хүсэж байна. Гайхамшигтай сайхан ээжийгээ амьсгаа хураатал нь өргөж, тэтгэж, ачийг нь хариулж чадаагүй үр нь өөрийн түүх намтартаа дэлгэрэнгүй бичиж, нэрийг тань мөнхлөе.
Миний ээжийг Самдангийн Чанцал гэдэг билээ. Аав Самдан нь илээч бариач нутагтаа алдартай, ээж Янжин нь нутагтаа уран гэдгээрээ алдаршсан хүмүүсээс төрсөн Булган нутгийн уугуул иргэн. Дээрээ Сүрэн гэдэг эгчтэй, доороо Лхагваа гэдэг эрэгтэй дүүтэй, айлын дундах хүүхэд байсан. Зургаан настай байхад нь ээж нь өөд болж, тэр айлын хамаг ажлыг нуруун дээрээ үүрсэн, юм юманд авъяаслаг, цэвэрч нямбай охин байсан гэдэг. Гэр бүлийн нэг нууц задлахад ээжийг 10-р ангиа төгсөөд анагаахад ирэх үед нь сургуулийнх нь багш нар нь “Энэ Урианхай хаягдана даа, Чанцал дэндүү сэргэлэн” гэдэг байсан гэнэ лээ.Ээж аав хоёр минь нэг жил сургууль төгссөн ч аав маань 9 насандаа сургуульд орсон гэдэг. Ээж минь надаас болж сургуулиа орхисон ч хожим 30 гарсан хойноо анагаахын дунд, сувилагчийн сургуулийг дүүргэж, төрийн ордон болон сайд нарын эмнэлэгт насан өөд болтлоо ажилласан юм. Монголын анхны загвар өмсөгч,сайхан бие цогцостой,бардам алхаа гишгээтэй,нүүрэндээ одооны бүсгүйчүүд шиг оо,энгэсэг түрхдэггүй,тухайн үедээ гайхамшигтай загвар өмсөгч байсан гэдэг. Анхны эмэгтэйчүүдийн волейболын шигшээ багийн тамирчдын нэг, сайхан дуулж, бүжиглэдэг байсан шүү. Маш их ажилсаг, чанга хатуу, өрөөл бусдын төлөө хамаг байдгаа зориулсан үрэлгэн, хайр халамжаа илгээсэн ачтан, хатуу зөөлнийг тэгшилсэн дарь эх байсан даа. Дүү бид нар мөн ч их индүүний залгуураар ороолгуулдаг байж билээ. Өвөө, эмээ, ах, дүүс, хамаатан садан, найз нөхөд нь ээжийг очих сургаар их цэвэрлэгээ хийдэг байсан гээд боддоо. Манай гэр бол ярих юм биш, өдрийн гурван удаа чийгтэй цэвэрлэгээ хийдэг, шал гэж мебель шиг гялалздаг айл байлаа. Дүү бид нар хуваарьтай хийдэг ч ихэнхдээ би бултдаг байв. Ээж аавын цалин хангалттай өндөр байдаг байсан ч бүгд ээлжийн хувцасгүй шахуу, хоол унд ердийн хэрнээ маш амттай, ялангуяа банштай ногоотой шөлийг хэн ч хийж чадахгүй давтагдашгүй сайхан амттай хийдэг байлаа.Найз нөхөд нь ээжийн ногоотой шөлийг идэх гэж цугладаг байсан ч юм шиг хэ хэ, дундаж амьдралтай өртэй л байдаг айл байв.Зах зээлд орж олон гадна дотны зоогийн газар нээгдсэн ч тэр үед ээжийн минь хийж байсан,элдэв амтлагчгүй хэрнээ сайхан амттай банштай ногоотой шөлийг олж идэж чадаагүй явааг бодоход,ээж минь мундаг тогооч байв уу,одооны гадаад дотоод тогооч нар чадваргүй юм уу бүү мэд дээ. Ээж л амьдрал нь тааруу ах дүүс, энэ тэр хүмүүс рүү цацчихдаг, тэгээд өөрсдөө өр тавьдаг байсан байгаа юм. Хамаатан садан, ах дүү нар бүгд л ээжийн гарыг хардаг байсан юм уу бүү мэд. Ажлаасаа ирээд бидний хиртэй хувцасыг угаагаад л, өглөө хичээлд явахад индүүдээд жин тан тавьчихсан байдагсан. Хэлхээ холбоо, нүх сүв ихтэй хүн байсан даа. Одоогийн ойлголтоор бол хамгийн шилдэг менежер хүн байсан бололтой. Тухайн үед баяжих, илүү юманд шунах гэсэн ойлголтгүй, байгаагаа бусадтайгаа хуваачихаад адилхан борог байсан юм шиг. Жаахан аминчхан нь арай л өнгөлөг байсан юм уу гэж бодохоор өршөөгөөрэй. Нэг удаа дөнгөж зах зээлд орсон эхний жил ээж минь хорт хавдраа эмчлүүлэх гээд хавдар судлалд хэвтсэн эхний долоо хоногтоо эмнэлгийг тэр чигээр нь босгон хөдөлгөж их цэвэрлэгээ хийлгэсэн байдаг. Бид нар эмнэлэг байж ямар балиар юм бэ гэж байсан чинь дараа очиход гял цал болсон байж билээ. Хүний, өөрийн олон ч хүний өвчин, шаналлыг хуваалцаж, асарч сувилж, өргөж тэтгэж нүд аниулсандаа хөөрхий. Маш дайчин, тусархаг байж дээ. Тэгсэн болоод л өөрөө нүд анихдаа олон хүний нүдийг норгож, үдүүлсэн дээ. 1991 оны 3 сард хөдөөлүүлэхэд 20 гаран машин гарч, тусгай хамгаалалттай замын хөдөлгөөн хааж, цайллага нь Улаанбаатар ресторанд(анх удаа Монголд болсон цайллага)               болж, бид 250 хүнээр бодсон чинь илүү олон хүн ирсэн билээ. Монголын бүх ажил салбарын хүмүүс ирсэн. Ялангуяа яруу найрагч Дашбалбар онцгой сайн үйлчилж, хойдхыг нь Бакула Ренбүчий уншсан гээд боддоо. Тэр болгон ээжийн минь өөрийн нь буян байждээ гэж хожим боддог байсансан.Хожим хамт ажилладаг байсан хүмүүс нь дурсахдаа:Чанцал эгчийг ээлжтэй байх үед сайд нарын эмнэлгийн улс төрийн товчооныхны хэвтдэг тасагт дураараа сэлгүүцдэг өвчтөн байдаггүй байсан гэдэг.Тэр үед сайд дарга нарын ар гэрийн хүмүүс хэвтэж байхдаа их дураараа загнаж,эмнэлгийн ажилчдын шаардлагыг биелүүлэхдээ хойрго,ааш муутай байдаг байсан гэдэг.Харин ээж омгийг нь дардаг байсан гэдэг дээ.Одоо бодоход зөвийн өмнө хүн хүчгүй байдаг,харин тэрийг долгинолгүй нүүрэн дээр нь хэлж чаддаг байх л зориг бөгөөд сайн үйлс юм байна даа. Бидний амьдрал нурах шиг болж билээ. Би гэдэг хүн өвчтэй байхад нь ч эргэж тойрох нь бага, эхнэр минь хэдхэн хоногтой нялх биетэй байсан болохоор мөн л орж гарч чадахгүй,хааяахан ороход одоо бушуухан гэр рүүгээ яв,нялх биетэй охиныг минь сайн асар,гам сайн бариулахгүй бол нялхаараа насны өвчин хуучтай болчихно гээд ээж минь өөрөө хөөгөөд байдаг байлаа. Ганц охин дүү минь өөрөө эмнэлэгт, аав минь ганцаараа асарч, эрэгтэй дүү минь орж гардаг байсан билээ. Би арван жилээ төгсөөд Орос улс руу сургуульд явсан ч хөөгдөж ирээд, цэргийн алба хаагаад, улсын хангамжийн газар ажилладаг байлаа. Төгссөн сургууль боловсролгүй болохоор надаас болж аав ээж хоёр минь хааяа муудалцдаг байсан юм шиг байна лээ. Ээж намайг их өмөөрдөг байсан гэсэн. Хожим аав минь дурсан ярьж байсан. Одоо бодоход аав бөөгийн удмаа таслуулах гэж ламаар их явснаас болчихов уу гэж ойлгодог. Намайг цэргээс халагдсан хойно, дараа жил нь эрэгтэй дүү минь Ленинградад сурч байгаад галзуурч ирсэн. Мөн охин дүү минь түүнээс хойш мөн удалгүй галзуурч, ээжийг нас барах үед дахин эргэж хэвтсэн байв. Ээжийг өнгөрсний дараа жил эрэгтэй дүү дахин өвчин нь сэдэрч, эхнэрээ санаандгүй хөнөөгөөд шоронд оров. Би гэдэг хүн сэхэл авалгүй жилд 5-7 өдөр эрүүл байдаг архичин болов. Ажил үйл бүтдэггүй, толгой өөд харахгүй хэрнээ гуйлгачин болчихолгүй л өдий хүрч ирлээ дээ. Амьдралын гомдол, уураа эхнэр хүүхэддээ гаргасан тийм нэгэн байж дээ. Жаахан өөдөлж ирээд л нурчихна гэдэг тун гомдолтой шүү. Аав минь жил бололгүй дараагийн ханиа сонгоход тэр нь бидний танил, ээжийн минь хуурай дүү байсан ч хүлээж авахад хүнд байлаа. Ээжийг минь ийм хурдан мартлаа гээд л энэ тэр болоод мөн ч их цамнаж, тангараг тасрах нь холгүй болж байсан шүү. Бүх л амьдралынхаа турш ээжийн гарыг харахаас өөр юу ч хийж үзээгүй, бичихээс өөр юм мэдэхгүй хүн ч аргагүй дээ гэж сүүлд нь аавыгаа ойлгосон доо. Сүүлийн хань нь ч сайн асарсан шүү аавыг минь.
Миний хувьд, муу эр эхнэр хүүхэддээ эрэлхүү гэгчээр агсан тавьсан, амьдралдаа идэвхи нь суларсан амьтан болж хувирлаа. Энэ бүхнийг минь дааж тэсвэрлэж, өдий болтол хамт байсан ханьдаа баярлаж явдаг даа. Сайн сайхан байхад хамт байх ч нэг хэрэг, амьдрал гудайж, ааш араншин өөрчлөгдөж, өөрт нь төвөгтэй болохыг тэснэ гэдэг өөр хэрэг шүү. Амьдралд аль маргаж, хэрэлдэж, ам зөрөхийг хэлэхэв. Гэсэн ч тэр бүгдийг даалгүй сарнисан амьдрал өчнөөн байдгийг  хэлж барахав. Хэрэв бид салцгаасан бол би ч шууд гудамжинд гарсан байх даа, аймшигтай шүү. Хүн заавал нэг үйлийн төлөө (тэр нь их бага байх нь хамаагүй) төрдөг гэж боддог. Миний үйл одоо л эхэлж байх шиг. Удмын буурлуудаа хүлээж авна гэдэг нэг талдаа сайхан ч, нөгөө талдаа маш их хариуцлага ирж байгаа юм байна. Улаач бүр өөрийн буурлуудыг зөв, мөн чадалтай гэх боловч бусдын буурлуудыг хүндэлж, улаач улаачаа хүндлэн нэгдэлтэй харьцаж байх хэрэгтэй юм байна. Өвгөд дээдсүүд минь тухайн цагтаа ямар үйл, үзэл бодол, зарлиг тушаалаар хоорондоо өш өвөрлөн дайтаж дайсагнасан ч өнөө цагийн улаач нар урьдын өш хонзонг цайруулж эвлэлдэн нэгдэж, эрдэм чадлаа хуваалцан ирэх цагийн буулганд зүтгэх хэрэгтэй санагдлаа. Энэ өсийг өвгөд дээдсүүд минь тавьсан ч өнөө цагийн бид эрүүл ухаанаар ойлгож, энэ Монголоо хүчирхэг болгох үйлэнд онгод тэнгэрүүдээ хүртэл нэгтгэх цаг иржээ гэж ойлгож байна. Тэнгэрийн оройгүй их эрдэмд шамдах үйлэнд дөнгөж хөл тавьж, мэдэхгүй чадахгүй их байгаа ч ямх ямхаар суралцан ахина гэдэгтээ итгэл төгс байна аа. Мэддэг, чаддаг олон удган, зайрангууд минь ур ухаанаа харамгүй зааж өгөөрэй. Би ч өөрийнхөө мэдэж, ойлгосныхоо хэрээр та бүхэнтэйгээ хуваалцаж байх болно. За, түүхээ цааш үргэлжлүүлье.
Гэртээ ирээд хаадын удмын хэлхээг интернетээр уншин баясаж, өөрийн буурлуудаасаа алдар нэрийг нь шалгаан их л юм болов. Мэдрэмж байгаа болоод тэр үү, хугацаа нь болоогүй болоод тэр үү хэлэхгүй их зовоов.Ном зохиолоос аваад элдэв зүйл гарчиглах дургүй өнөө цагийн хүүхдүүд минь,Нууц товчооноос аваад л түүхийн номын хорхойтон болж салахаа болив.Тэдний гарын дор интернет буюу цахим өртөө гэж сайхан бэлэн ном байх юм даа.Энэ тэндээс ухаад л амархан гаргаж ирээд л унших юм.Бидэнд мэдэх нь Харууцаг Дүүрэн гэдэг нэр л байв.Өөр номонд Дүүрэнтөмөр гэж байх юм.За тэгээд л энэ өвгөөсөө шалгааж өгнө дөө.Шууд хэлж өгөхгүй,баахан юм ярьж таавар таалгаад хэлж өгөх янз алга даа.Бид яахав,үр хүүхдээс нь аваад нутаглаж байсан газар,хүүхдийн тоо,хатны нэр,амьдрал тэмцэл гээд асуухгүй сэдэв гэж байхгүй дээ.Энэ буурал маань сайхан инээдтэй,ааш зан сайтай,тоглоом наргианд дуртай,хөгжилтэй өвөг билээ.Ер нь манайхан их төлөв,намбалаг буурлууд байдаг даа.Манай гэрийнхэн бүгд л түшээ хийдэг болохоор элдвийн зүйл асууна.Тэр болгонд нь буурлууд таавар таалгаж,инээдэм болж баясна.Нэг л сайхан инээд халгисан гэр болдог байгаа...хэ хэ.           















0 comments:

Post a Comment