Эх орныхоо умард зүг аялсан минь.
Өргөөнийхөн маань тун удалгүй Монгол орныхоо хойд хил болон Амарбаясгалант хийдээр аяласан билээ. Тун их адал явдалтай гайхамшигтай түүхтэй явж билээ. Замдаа байгалийн сайхныг тольдон баясаж,энэ тэр үүлийг ажинхан явж байхад,ямар учиртайг мэдэхгүй баавгайн дүрстэй үүл харагдаж байж билээ.Бид замдаа Дархан өнгөрөөд нэг голын гүүр гараад,орой болсон тул уул руу дөхөж замаар гаран хоноглох боллоо.Тэнд жигтэйхэн их шумуултай,шумуул нь томоо том.Сэлэнгийн шумуул том гэдгийг сонсож байсан,мөн олон жилийн өмнө арван жилийн сурагч байхдаа сургуулийн 9-р ангийнхан Хялганатын модны үйлдвэрт зуны амралтаараа ажиллацгааж байсан тохиолдол бий.Гэвч тэгтлээ хазуулж сүйд болсноо санахгүй л байна даа.Гэтэл энд ёстой дамжлах нь ээ,зүгээр ч үгүй хорлонтой хазахыг яана.Овоо зузаан хувцастай байхад нэвт хазаж байсан шүү.Шөнө түүдэг асаан,галын гэрэл илчинд буурлуудаа буулган ундаалж,үйл хийцгээж байлаа.Энэ шөнө Эрлэгийн буурлаа, дээдсийн тусламжтайгаар анх буулгаж билээ.Ямар ч яриа хөөрөө байхгүй архирсан хүн л байсан даг,их хүчтэй байдаг бололтой мордохдоо арагшаа унатал саваад гарч билээ.Салхи гаргасан байсан болохоор шумуул нь алга болж,тухтай унтсан ч үүр хаяармагц шавж өгдөг байгаа.Нар мандсан хойно тэндээс хөдөлж,хойд нутагт хүрч билээ.Тэнд огт санаанд оромгүй хачирхалтай үйл явдал болж өнгөрөв.Нэг газар би санаандгүй очиж зогссон чинь нулимас гарах гээд их сонин болов.Манай ээжийн минь талын нэг буурал Сэлэнгийн саваар нутаглаж байсан гэж хүүрнэж байсан юм.Тэгээд л тэр буурлыгаа нутаг усандаа ирээд уяарч байна гэсэн шүү юм бодоод байв.Дараа нь учир явдал тодорхой боллоо.Гурван мянган жилийн өмнөх амьдралынхаа ул мөрөөр явж байжээ.Яг энэ аялалд явсан болгон тэр үед байсан байлаа.Түүхийн үйл явдлын товчооныг Утаа удган,Аянгат удганы гараас барин мэдээлэл маягаар ч юм шиг,эсвэл бүүр яг тэр үед очин хараад яриад байгаа юм шиг,ам ангайтал ярьдаг байгаа.Итгэхэд бэрхтэй энэ яриаг сонсоод,үнэн худал хоёрыг дэнслэхээсээ илүү гайхаж орхисон билээ.Тэнд байсан хүмүүс бүгд гайхацгааж байсан тул өөр өөрсдийнх нь байрлаж сууж байсан ором мөрийг үзүүлсэн юм.Тэр ором мөр бүр эздийнхээ биеийн хэлбэр,хэмжээтэй яг таарч байсан нь олны гайхшлыг төрүүлэхээс илүү итгэлийг нь нэмж байв.Миний очоод уйлах гээд байсан тэр газар нь 3 мянган жилийн өмнө сууж,шархаа эдгээж байсан газар нь байжээ.Ором хэлбрээр нь дагуулж байраа эзлэхэд,яг миний хэмжээ байхаар барахгүй,гар тавьсан газар нь хүртэл миний гарын хэмжээтэй урт өргөн,бүдүүн нарийнаараа таараад байгааг юу гэж хэлэхээ мэдэхгүй гайхаж байлаа.Тэгэхээр энэ газар нутагт эрт дээр үед,газар усаа хамгаалан тулалдаж явсан нэгэн өтгөсийн хойд төрөл юм болов уу гэсэн бодол төрж билээ.Сүнс төрөл хөөн эргэн төрдөг гэдэг нь үнэн бололтой.Гэхдээ энд байгаа өргөөний улаач нар маань бүгд мөр зэрэгцэн тулалдаж явцгаасан андууд байсан нь хамгийн утга төгөлдөр тохиол байлаа.Ийм байна гэж хэн санахав дээ.Үлгэр үнэн болж,үлгэрийн баатрууд амилаад байгаа юм биш үү.За тэгээд баахан алмайрч гайхацгаасан хүмүүс сонин хачныг сонсон шаагилдаж байгаад,цааш хөдлөн Гүн нуурт ирж хоноглоцгоолоо.Их сайхан орчинд багахан амралтын газар тухалж,шөнөдөө хөөрцгөөсөн бид,Аянгат удганыхаа байрлаж буй газар цуглаж,мэлмий тэнгэрийн хоёр үрээр гараас нь бариулж олон газраар аялсан билээ.Хаан дээдэс өөрөө бууж ирээд,тэр хоёр үрийн гараас барьж аялуулсан юм.Эхлээд лусын орноор аялсан билээ.Би яг хажууд нь сууж байсан.Сонсгол муу болохоор хэлж ярихыг нь сонсох гэж дандаа урд нь суудаг,манайхан ч уриалгахан байдаг шүү.Миний мэдэрч мэдэх гэж юу байхав.Хааны гар, орны толгойн хөндөл дээр таарч байсан болохоор би саваагүйтээд орны хөлөөс нь барьчихсан сууж байсан юм.Нөгөө хоёр үр аялаад л,харсан үзснээ бидэнд хэлж дамжуулаад их зугаатай байлаа.Гэтэл би өөрөө далай усанд орчихсон хараад зогсож байдаг юм байна.Гайхсан гэж жигтэйхэн,лусын ордон гэдгийг нүдээр харж,далайн агааржуулалт яаж явагддагийг тод хараад зогсож байсан.Тэндээс буцаж ирээд болсон явдал,үзсэн харснаа бусдадаа хэлээд,нөгөө аялсан хүүхдээс тийм зүйлийг харав уу гэхэд харсан байлаа.Дараа нь наран ээжийн амьдралыг харах аялал хийв.Наран дээр амьдрал байдаг юм байна лээ.Би бас чирэгдээд явсан юм байх даа хэ хэ.Дараа нь сарны амьдралыг харах аялал маань жаахан бүтэл муутай болов.Учир нь сарны дотогш орохдоо нөгөө хэдээс хоцроод,тэр нэг гурвалжин хонгил дундуур мөлхсөөр байтал хоцорчихсон байсан.Тэр хонгилоос гараад хартал ургасан талстууд цэцэг адил дэлбээлж байлаа.Цааш явах гэтэл тэд маань буцсан тул татагдаад ирчихлээ.Мэлмий тэнгэрийн охин эргээд хартал цагаан толгой харагдаад хоцорсон гэж хэлдэг байгаа хэ хэ.Хаан дээдсийнхээ чадвараар,орны хөлөөс барьсан төдийгөөр тэгээд явчихсан байгаа юм даа.Намайг мэдэж байсан байх аа.Тэгсэн ч хөгшин буурал болохоор үзүүлэх гээд, надад мэдэгдэхгүй дагуулаад явсан байх гэж одоо би боддог.Энэ мэтээр хөгжилтэйхэн тэр үдшийг өнгөрөөв өө.Маргааш нь нуурын усанд шумбаж,орой нь галын бөөлөө хийцгээгээд,их урамтай хөөртэй бид нөгөө аяллаа хийх болов.Хоёр аялал хийгээд л хаан дээдсийг залсан Аянгат удгантай зэрэгцээд,манай хэсэг нөхөд хэвтчихсэн тааваараа байх үед Мухулай жанжин улаачдаа дайрч орон хилэнтэйгээр орноос буухыг тушаав.Нөгөө зэрэгцээд тухласан байсан нөхдүүд,яасан түргэн ч хөдөлдөг юм,лав хугацаатай үзүүлбэр үзүүлж байсан бол яавч тэгэж хөдөлж чадахгүй дээ.Нүдний хараа ч гүйцэхгүй хурдан хөдөлж билээ,одоо ч нүдэнд харагдаж байна хэ хэ.Хаан дээдсийг үл хүндлэн ёсгүй аашлав гэж ганц дуугарахад год харайгаад л номонд оров. Арга ч үгүй шүү дээ,бид хаан дээдсээ хүндлэхгүй зэрэгцээд хэвтчихсэн. Аянга удган,өөрөө нийтэч,хээгүй болохоор бид ч юм бодсонгүй ёс алдсан билээ.Тэр өдрөөс хойш Тэнгэр удганыг бид,Дээдэс гэж дууддаг болсон билээ. Энэ нь ч зөв бөгөөд улаач,өвгөдөө буулгадаг тул аав нь хүндэлдэг шиг эзэн хааныг буулгадаг хүнийг бид тийн дуудахаас өөрөөр байж болно гэж үү. Дараа гаригт нь нуурын амийг сэргээн,тэр хавийн газар орны эздүүдийг идэвжүүлэх үйл хийгээд Амарбаясгалант хийдийн зүг жолоо заллаа.Замаа товчлох санаатай нутгийн замаар явах гэсэн нь мухардах байдал руу оруулах болсон тул эргээд л төв замаараа гялалзуулах боллоо.Ингээд давхиж давхиж явсан чинь их олон унаа тэрэгний гэрэл маналзаж,их чухал үйлэнд шамдан яарч байгаа нь илт байв.Зам муутай байсан юм болохоор нэгэн зогсож байгаа тэрэгтэнгээс асуухад Амарбаясгалант хийдийн бумбын ёслолд оролцох гэсэн сүсэгтэнгүүд хөвөрч байжээ.Нэгэнт шөнө болчихсон байсан тул явуулын бид нар нэгэн уулын өвөрт хоноглоцгоов.Өглөө эртээ сэрээд харцгаахад тэр уулынхаа ард буусан байлаа.Бүгд босоод өглөөний унд цайгаа бэлдэх болоод байтал Аянгат удган тэргүүтэй нэг хэсэг маань сөгдөж барин,уйлалдаж уналаа.Ямар нэгэн учиртай газар байна гэдгийг өмнөх туршлагаасаа мэдэж байсан тул дөхөөд очтол мөн самсаа шархираад,нэг л уярал хайрлалын халил шиг бие махбодийг догдлуулаад ирэв.Гэхдээ нэрэлхээд ,бас сайн мэдрэхгүй байгаа тул гайхшрал давамгайлаад,тэгсэн мөртлөө шаардуулах зүйлгүйгээр сөгдөн залбирч байлаа.Сэтгэлийнхээ эгзэг учрыг олохгүй маанагтаж байтал хэн нэг нь,(Утаа удган байсан болов уу тэрнээс өөр хэн ч биш байх),Өндөр эмэг эх байна ш дээ гэх үгс чих дэлдэж,яагаад сөгдөөд байсны учир тайлагдсан билээ.Ямар ч байсан учрыг тайлж чадахгүй ч мэдрээд байдаг юм шиг байна би гэж өөрийгөө тоох аядав хэ хэ. Манай гэрлийн өргөөнийхөн маань юун ямар учир газар болохыг мэдэх үүднээс үүх түүхийг нь уншин тольдсон билээ. Амарбаясгалант хийдийг барихдаа газар шинжээчдийн тавьсан гурван удаагийн тэмдэг яг нэг цэгт давхацсан тухай түүхийг ярьж өглөө.Энэ түүхийг сонсчихоод бид нар хийдийн зүг жолоогоо залан зогсоолд нь унаа тэргээ байрлуулаад,дор бүрнээ хөөрөлдөн үүдээр нь ороод явлаа.Миний хувьд урт үсээ сураар боочихсон тул малгайны хэрэггүй байлаа.Манайхан бөө нар болохоор нэгэнт орж ирснийх нар зөв тойроод гарах санаатай байсан биз ээ.Би лав эхний багана өнгөрөөд явтал бага зэрэг бие эвгүйцэх шиг болсон юм,гэтэл толгой хагас дүйнгэ юм шиг болоод,гар захирагдахгүй хоёр алгаа хүчтэй чанга хавсраад л,олны анхаарал татаад явчихав.Юу болоод байгааг төсөөлөх сөгөө байхгүй,нэг болохоор цугласан олноос ичээд байх шиг,нэг болохоор олныг тоохгүй дөвчигнөөд хилэгнээд байх шиг явсаар үүдээр гарлаа. Үүдэнд гараад эхнэр маань үүдний мөлхөж орж гардаг чулууг зааж,юм хэлээд байхад нь би үл ойшоосон байдалтай хараад л байсан гэнэ.Хамт явсан том биетэй эмч залууг муурч унах гэж байх үед нь л миний толгойноос нэг юм дэгдээд гарчих шиг болов.Тэгээд ингэв гээд бусдад хэлтэл эхнэр минь даан ч тийм байхаа юм хэлээд байхад нэг өөр байсан гэж авдаг байгаа.Эмчийг сэхээрүүлж аваад,юу болсныг цухас ярилцаад л далдын дайн болсныг ойлгов.Миний буурал дээдэс жонон өвөг минь дайрч ороод,улаачаа хамгаалсан нь тэр байжээ.Энэ буурлын маань хөдөлгөөн бусдаасаа тэс өөр ялгагддаг тул эхнэр маань багана тойроход хөдөлгөөн нь мөн юм шиг санагдаад өнгөрсөн юмаа гэж дурсав.Түшээ хийдэг хүн чинь мэддэг болдог бололтой. Тэндээс бид хөдлөөд,өргөөний маань гишүүн гадаадад сурдаг ч амралтаараа ирсэн Ундрах гэдэг бүсгүйн ах дүү нарын гэрт тухлан зочлоцгоов.Хөдөө нутгийн хүмүүсийн зочломтгой сайхан сэтгэлээр дайлж цайлан,ямар учиртай хүмүүс вэ та нар, энэ ууланд хүмүүс хоноглох битгий хэл мөрөө гаргаж зүглэдэггүй юм гээд байцаах нь холгүй асуух юм.Ундрах маань ойлгуулсан байх даа.Тэдний гадаа майхан саваа бариад,гаргаж өгсөн нэг гэрт цуглаад,болсон явдлын тухай,Амарбаясгалант хийдийн түүхийн тухай,оройгүй сүм болсон тухай,өнөө мөргөж уйлалдаад байсан уулын тухай гээд л олон сайхан түүхийг сонсож мэдсэн билээ.Одоо нэгбүрчлэн санахгүй байгаа ч Өндөр эмэг эхийн ар шилэнд тэвнэ,зүү зоож сүмийг бариад,дээврийг гүйцээсэн бол Монгол дуусах байсан байжээ.Өвгөд дээдсүүд минь сүмийн оройг гүйцээлгээгүй нь тодорхой боллоо.Манж нар далд аргаар үзээд ч Монголыг минь изэрхийлэн дарангуйлж уусгаж чадсангүй дээ.Нээрээ нэг нөхөр хөрөнгө босгож,оройгүй сүмийн оройг барих тухай ярьж байсан юм байна.Тэгээд бас бөө гээд байсныг яана аа,хөх Монголыг бусдын идэш болохыг санаархсан юм байх даа.Өнөө цагт Монголынхоо сайхан бүгдийг гул болгон гадны хэврэг гял цал зүйлс,гуншаа болон яншаа хэлийг сурах гэж тэмүүлэн байгаа бүхэн хаашаа яваад байгааг ойлгохгүй юм.Төр засгийн хэнхдэг цээжээ дэлдэгчид ч бусдын улыг долоож,янчаанд цаламдуулж,хойч үрсдээ лай хураах нь хөөрхийлөлтэй.Ёстой нөгөө манж хятдын эрлийзийн угсааны үлдцүүд л өндөр албанд шургалж,үүх түүхийг гутаан өгөр толгойг гашилган угааж байгаа нь үнэн болоод байх шиг.Нэг өдөр л хашаа хүрээгээ сэт татан үерлэх хилэн ундарна даа Монголчуудын минь.Хадуурч байна шүү.Маргааш нь нутгийн хүмүүст дээдэс болон чадварлагууд нь засал хийгээд буцах болсон.Өдөр нь хоноглосон уулынхаа энгэрт бөөлөхөд бас байлдаан болсон бололтой.Би мэдрэмж муу байв уу,надаас айгаад нөлөөлөхгүй байна уу гэсэн шиг инээдэм болж маанагтаад л явж байлаа.Тэгээд хотын зүг жолоогоо заллаа. Мөн тун сонин нь энэ явдлын үеэр хань минь угтай болж, өвөг дээдсүүдээ буулгах нь илэрхий болов. Миний хань мундаг сэтгэлийн тэнхээтэй, зориг нь дэндсэн нэгэн бий. Дээд сургууль төгссөн ч гэрээ сахин охин хүү хоёроо бөөцийлөн өсгөж, намайг халамжлан өдий хүрсэн дээ. Хуучин цагт орон нутгийн шилжүүлэг олдохгүй, орон нутгийн паспорттой болохоор хотод ажил (ар өврийн хаалга үгүй тул, мөн аав ээж арын хаалганд дургүй) олдохгүй байлаа. Хэзээ хойно зах зээлд орсны дараа хотын иргэн болов.  Айлын отгон охин гэхэд шаггүй, уйлж урваганаж гэрлүүгээ гүйж байсангүй, ааштай боловч халамжтай шүү. Миний хувьд ийм хүнтэй нийлсэн нь тэнгэрийн хишиг болжээ. Хадмууд минь ах дүү олуулаа, эгэл малчин амьдралтай эвсэг сайхан хүмүүс. Бид гэртээ л үзэлцэж байхаас гадагш гаргах биш, хотын манай хэд л мэр сэр мэдчихдэг байсан байх. Эхнэр маань анх түшээ болохгүй гээд зүтгэдэг байсан чинь одоо харин буурлуудаа санадаг, намайг шахаж шаардан буулгуулдаг, буурлууд нь ч жигтэйхэн хайртай нэгэн болчихдог байгаа. Эрхэлж байгаад л ам шүдийг нь сугалж өгнө шүү дээ. Манай гэрийнхэн бүгд хэл ам сайтай болохоор буурлуудтайгаа хөөрөлдөж өгнө дөө. Ёстой нэг хүн атаархмаар хөөрөлдөнө. Ингэж хөөрөлдөх нь бас буурлуудыг улам сайн биежихэд нь тустай байдаг юм байна. Манай гэр гэдэг бүгд л бөө болох шинжтэй шүү. Охин маань бас улаач болно. Үүнийг манай буурлууд өөрсдөө хэлэхээс гадна өөр олон улаач нар  хэлж байсан юм. Миний охин ч дэндүү сэргэлэн, тал талын авъяастай сүрхий хүүхэд бий. Амьдралын ороо бусгаа нугачаан дунд алдаж онож яваа л нэгэн. Өрх гэрийнхээ амьдралыг алдхан биендээ үүрч, өөрийгөө багаасаа л нээх гэж толгой даасан хүүхэд билээ. Хань ижилтэй, 2 сайхан охинтой болж, бүгд нэг дороо шавалдан хүргэнийхээ цалингаар болгох гэж хуруу хумсаа хугалж байгаа ч охин минь хажуугаар нь үйл эхлэх гэж зүтгэж байна даа. Өнөө цагт аливааг шинээр эхэлнэ гэдэг хөрөнгө мөнгөнөөс аваад зөвшөөрөл энэ тэр нь яасан ч хэцүү болсон юм. Хүний эрхлэх ажил, амьдрал нь хуулийн хүрээнд л байгаа бол зөвшөөрлийг нь өгөөд, хяналт сайн байвал болчихмоор санагдах юм. Гэтэл элдэв арын хаалгагүй хүн үйл эхлэх нь бүү хэл үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй хүнд суртлын хаалт ч хэцүү юм аа. Энэ ч яахав, над мэтээр хэлүүлэлтгүй олон мэдэж байгаа хойно доо. Хадуурах нь байна шүү. Буцах замдаа үл ойлгох явдал болж байлаа.Хүмүүс маань тэглээ ингэлээ гээд л зарим хүнийг нь засаад ч болдоггүй хэцүү юм боллоо.Сураглаж үзвэл лам нарын тарнийн үг шившлэг дагаад яваа юм байна гэнэ.Галаар,салхиар,усаар засал хийгээд ч нэмэр алга.Миний эхнэр хажууд уйлан дуугарах нь холгүй бие нь эвгүйрхээд,унаанд яваа бусад маань ч чилээрхээд нэг биш ээ.Би ч яахав юу ч мэдрэхгүй болохоор бие зүгээр байдаг,тэр нь амар юм уу даа.Тэгэхдээ ийм байх нь дарьтай торхон дээр сууж байгаатай адил байх даа,бүү мэд.Хотод ирж байж л Аянга удган олон хүмүүсийг засаж өгөв. Ийнхүү аялан явах туршдаа суралцан байлаа,гэрлийн өргөөнийхөн маань.Өчүүхэн бага алдаа ч гаргахгүй ёсгүй хариуцлагатай үйлийн гараагаа эхэлсэн шинэхэн улаач бид нар чадвар туршлагатай, мэдрэмжтэй Хаан дээдэс-Аянгат удган, Зөвлөх их удган,Хурцаа зайран зэрэг бусад хүмүүсийн зааж,сургаж буйг өөрсдийн хүлээн авах чадварын хэмжээнд шингээж байгаа буй заа.Манай өргөөнийхөн чинь мэдсэн сурснаа бие биендээ хэлж ярьж,туршлага солилцдог сайхан журамтай болж байна.Харин зөв ойлгож,хэрэгжүүлж чадах нь тухайн хүний төвшин, чадвар нь мэдэх биз ээ гэж би боддог болов.Амьхандаа хичээх л юм байна.Бусдын дотор хэр зэрэг чадвар,мэдрэмж сууж байгаагаа харьцуулах болон төвшингөө мэдэх,буруу зөв мэдэрч байна уу гээд түмэн бодол хааяа толгойд эргэлдэнэ.

0 comments:

Post a Comment