Аялан явж үйл хийсэн минь
7 сарын эхэнд өргөөнийхөн маань Аянга удганы хамт Өндөр дээд хайрхан Бурхан халдун уулынхаа бараа харагдах хормой хол газраас хайрхан уулаа амилуулах үйл хийв. Эхлээд амьтай эсэхийг мэдэр гэхэд өөрийнхөө хэр хэмжээнд мэдрэх гэж хичээв. Ямар нэгэн байдлаар мэдрэх гэж хичээсэн боловч нэг л дүнсгэр,уйтгартай хүйтэн байсан. Тэгээд бөөлөхөөр болж буурлуудаа буулгах гэж хэсэг хугацаанд хэнгэргээ цохьсон боловч удаж байж орж ирсэнсэн. Өөрсдийн амьдарч байсан нутаг усандаа мөргөж сөгдөн баясцгаасан юм байна лээ хөөрхийс минь. Бөөлснийхөө дараа мэдрэхэд ямар сайхан мэдрэмж мэдэрсэн гэж санана. Урьд өмнө хээр гадаа уул ус амилуулах гэж бөөлж байсангүй болохоор харьцуулах туршлага байхгүй байна. Түүдэг тойрон бөөлөхөд ч сайхан байдаг юм байна. Манай нэг буурал охиноор минь түшүүлэн явж хаан дээдэст сөгдөн золгосон доо.Тэр хоёр тэврэлдэн уйлалдаад л,би юу болж байгааг мэдэрч байгаа ч хянаж чадахгүй их сонин байлаа.Хаан дээдсийн хэлсэн:Миний балчир жанжин гэсэн үг одоо үлдэж,бусдыг мартжээ.Тухайн үед бичиж тэмдэглэж авалгүй намирсаар олон сарын дараа бичиж байгаа болохоор мартсан зүйл их байна аа.Мөн энэ зүг рүү явахаас өмнө Найрамдал зусланд бөөлөх үед буурал минь буучихаад түүдгийн дэргэд бөөлөх гэхэд нь нэрэлхээд буюу бусад улаач нараас(ихэнх нь залуучууд тул) санаа зовоод босоогүй сууж байлаа.Түшээ маань босож гал дээр сийл гэж шахахаар нь багачууд,залуучууд л сийлэг гээд хүчлээгүй билээ.Тэгээд Бурхан халдун явж байхдаа замд хэсэг залуучууд буюу насан бага хүүхдүүд,буурлуудаа буулгасан улаач нартайгаа ярин зогсохдоо:Багацуул гал дээр сийлэг гэж нэрэлхснээ ярьсан чинь,буруу ойлголт төрүүлж миний буурал хэлсэн мэтээр ярьчихсан юм уу яав,угийн хамаагүй яриатай болохоор буруу үг хэрэглэчихэв үү,нэг охины буурал нь дайрч орж хилэгнээд,нөгөө охин ухаан байдаггүй. Аянга удган аргадан тайтгаруулж,учрыг асуун байж мэдэв.Миний хажуугаар нэг хүү хамаа бусын зүйл хэлж,хилэнг нь хөдөлгөснөөс гадна миний ярьсанг буруу ташаагаар ойлгожээ.Тэр хүү 108 удаа өршөөл эрэхээс өмнө амжиж,би учир байдлаа хэлж зөв ойлгуулав.Эндээс бусдын дэргэд болон буурлуудын дэргэд үг хэлээ хямгадаж байхыг бодол санаандаа хатингатуулж авав.Бурхан халдун хайрханд очиход байгаль эх хүсэн хүлээж, баярлаж байгаа мэт хураар угтаж авлаа.Үйлээ хийж байхад хур зогсож,тэнгэр боломжоор хангаж байгаа мэт бүхий л ажиллагаа маань ёстой санаснаар болж байлаа. Арга ч үгүй биз ээ,энэ олон буурал дээдсүүд нэгэн дор цуглаж,улаач үрсүүд нь нэгэн санаатай байхад үйл бүтэх ёстой доо гэсэн бодол, сэтгэл санааг минь түвшин байлгаж байлаа.Хэлж илэрхийлэхэд бэрхтэй юм даа,үзэг цаас нийлүүлж байгаагүй надад хүндхэн даваа байна шүү. Аянга удган маань үйлийн утгыг тайлбарлан,нялх балчир улаач бидэнд сургаал сургамжаа харамгүй өгч байв. Тэр явдлаас хойш бараг  сар гаран болж байхад алдар нэрээ хэлэх гээд л байх болов. Миний хувьд би өөрөө нэр хэлэх гээд байгаа юм шиг санагдаад, эсвэл элийрч солиорч байгаа юм шиг бодогдоод хэцүү болов. Нэг л утга үгүй жүжиг болчих гээд л, миний насны өндөрлөгөөс харахад байж боломгүй юм шиг санагдах нь хяслантай. Толуй гэдэг алдартай дээдсийн нэрийг хэлэх гэхэд хүлээж авалгүй, тэр байтугай хуяг, хэрэгслэлээ хурааж далд хийхээр ханьтайгаа марган байх өдөр залаалсан багш маань утас цохин маргааш найрамдал зусланд ирэх зарлиг өгөв. Маргааш нь яваад очтол удганы буурал дээдэс бууж ирээд, миний итгэлгүй байгааг хэлж дахин ийм байдал гаргахгүй байхыг анхааруулж, Толуй дээдэс буугаад 30 гаруй гариг болж байна гэж айлдлаа. Ингээд л эзэн дээдсийн отгон хүү Толуй эзний удмын тамгатай улаач гэдгээ мэдэж, дахин буруу зөрүү ярьж, буруу үйлдэл хийхгүй хэмээн ам өчгөө өгсөндөө. Хэрэв зөрчвөл өөрөө, намайг цаазын тавцанд аваачнаа гэв. Аминдаа хайртай би та намайг ташуураараа занччих гэхэд хаадын үрсэд гар хүрвэл би өөрөө цаазын тавцанд очно. Тэнгэрт хатуу дэгтэй байдаг гэх ухаантай зүйл айлдсан билээ.Энд бусад буурлуудынхаа алдар нэрийг эргэлзээгүй батлан мэдэж санаа амарч билээ.Мунхаг үр минийхээ эргэлзэн байгааг бодолцож,залаалсан багшийн минь дээдсээр хэлүүлсэн байх гэж тэднийгээ өрөвдлөө. Энэ өдрөөс хойш эргэлзэх минь шуударч, үйлэндээ зүтгэх болсон. Зүтгэх гэдэг маань таньж мэдэхээс эхлэх нь зүй болохоор ойр тойрноосоо аваад орчлонг мэдэх хүсэлдээ дийлдэн байна. Өргөөнийхөн маань мөн мэдэхийн хүсэлд хөтлөгдөн өдрөөс өдөрт төлөвшин байна. Энэ үйл явдал цагаа болоход нэгэн хүсэл зорилготой, бие биенээ хүндэлсэн зангидсан гар шиг цул шинэ хамт олон, дийлэгдэшгүй хүчин төрөн гарна гэж итгэдэг дээ би. Одооноос алдаж онох ч алдаагаа засан урагшлахад саад тотгор байхгүй. Бид гадны үзэл суртал, хүсэл бодлогоор биш өвгөд дээдсүүдийнхээ хүчирхэг байсан эрдэм, оюунаар луужин хийж байгаа тул алзахгүй дээ. Дараа нь өргөөгөөрөө Дархан явж Зулзагын гол гэдэг газар очиж үйл хийн элдэв зүйлд суралцан явав. Нарны тахилга хийж, тэр газрын амь юуг сэргээн нэгэн амралтын газрын дэргэдэх сайхан модыг амилуулан шид шингээсэн Аянгат удган болон хаан дээдсээ бишрэн байлаа. Энд ирсэн даруйдаа орчин тойрны хар юмсыг хөөн зайлуулж,хамгаалалтаа татсан юм.Би ч яахав овилгогүй болохоороо хаан дээдсүүд болон Аянга удганыгаа хуураар үйл хийж байхад нь ямар байдгийг туршиж үзэх гэж зэрэгцээд хуур татаж мангартав.хэ хэ.Юун дуурайж үйл хийх,болж байгаа болон болоогүй хоёроо ч мэдэхгүй ичмээр юм болсон доо.Намайг тэгэж дэггүйтэж байхад хилэгнэж барьсангүй шүү хэ хэ.Харин дараа нь хотод ирсэн хойно явсан аяллынхаа алдаа оноог шүүн хэлэлцэж байхдаа,намайг дэг ёс баримталж байхыг өршөөнгүй хэлж сануулсан билээ.За,тэгээд хар муу юмсыг хөөн зайлуулж,хамгаалалт хүрээгээ татсны дараа бидний хэдэн шинэхэн улаач нар харваа намнаанд өртсөн байцгаалаа.Яасан ч амархан байдаг юм,сонин шүү.Тэнд шинжлэх ухааны ололтыг ашиглан хүмүүсийн гэрлэн бүрхүүлийг хэмжиж,гэмтэлтэйг засан сайжруулж байв.Тэр олон хүмүүсийг засах үйл хийхдээ Аянга удган болон хаан,дээдсүүд минь уйгагүй ажиллаж байв.Намайг ч гэсэн харваанаас салгаж өгөхдөө,алчуур бэлдэж дээ гэж Аянга удган минь хэлэв.Юун алчуур гэхэд нулимас арчих гэх зүйлийг бүрхэгдүү хэлэв.Учрыг олсонгүй хоцров доо.Тэгээд шөнө түүдгийн дэргэд Толуй өвөг минь бууж хаан дээдэстэй учран золгож, уйлалдан хайлав. Ямар их хайр, ямар их хүндлэлийг зүрх сэтгэлээрээ мэдэрч байв. Үгээр илэрхийлэх хүчин мөхөсдөж байна. Мэдрэмжтэй байгаа болохоор мэдэрч л байлаа.Миний мэдэхээр үр нь гэж хэлсэн,мөн эцэг гэж хэлж байсан.Эхнэр минь түшиж очсон болохоор хажууд сонсож байснаараа хэлэхэд,хоёр өвөг мэдэхгүй хэлээр ярилцаад байсан гэж хэлсэн юм.Хоёулаа маш их уйлцгаасан гэж ярьсан.Лав авч очсон алчуур мэдэгдэхүйц чийгтэй байсан юм шүү.Миний хувьд тэврээд байгаагаа мэдэрч байсан ч бусад тэр ярьсан,уйлсанг мэдэхгүй байв.Тэр байтугай ам хөдлөхгүй байхад юугаа ярьдаг байна,чи худлаа яриагүй биз гэж эхнэрээ хардав.Миний ам хөдөлж мэдрэгдээгүй,мөн уйлж нулимсаа арчаагүй байлтай,гэхдээ тэр нойтон алчуурыг юу гэж тайлбарлах билээ дээ хө. Харин буцах замдаа бяцхан адал явдалтай учирч их багагүй гайхшрал, үл ойлголцол, гомдол тунирхал гээд л тийм гэхийн тэмдэггүй байдалд оров. Цуваанаасаа хоцорсон автобусны хэдэн хүмүүс туршлага дутаж, дайрлагатай таарч багагүй сандарсан явдал болж билээ. Далд ертөнцөд нэвтэрсэн анхны ойлгох ёстой учгийг бие, нүдээр гайхсан тохиолдол минь болов.Өргөөний хоёр боссон үр мөн нэг арван жилийн сурагч жаахан үр гурав замд уйлалдаж,тэврэлдээд сүйд боллоо.Мэлмий тэнгэрийн үрсүүд бие биенээ танин уулзсан байжээ.Энэ хүүхдүүдийн гайхалтай нь энгийн нүдээр далдын бүхнийг хараад байдагт байх юм.Ёстой үзээгүйгээ үзэж,үхэр цам харайна гэгч болов.Тэнд байсан миний мэтийн шинэхэн улаачаас аваад энгийн хүмүүс хүртэл хачирхан гайхацгаасан биз ээ.Энэ миний л үзсэн түүх болохоор өөрийнхөөрөө бичих нь зүйг болгооно биз ээ уншигчид минь. Автобус удаан тул тэр цувааны хурдан тэргүүдийг яаж гүйцэхэв хоцорлоо.Дархан дээр зогсож,идэшний зүйл авахдаа хар сүнсний дайрлагад өртсөн байлаа зарим улаач нар минь.Тэгээд замд гарч замын зоогийн газрын дэргэд зогсоход,ойролцоохон оршуулгын газар байдгийг мэдээгүй тул хар тийрэнгүүд олноороо дайрч,эхнэрээс минь авахуулаад тэнд байсан улаач нар гээд энгийн ба энгийн бус хүмүүсийн өвдөлт ихэсгэдэг юм байна.Би ч яахав,юу ч мэдрэхгүй байлаа.Тэнэгийн дотор уужуу гэдэг шиг нэг бол би юу ч мэдрэхгүй байна,нэг бол надад халдаж чадахгүй байна,эсвэл эд нар жүжиглэж байна гэх ухааны юм бодчихсон явж байсныг яана.Манай эхнэр жүжиглэхээр хүн биш болохоор би л мэдэрч чадахгүй байна гэж сүүлдээ бодлоо. Аз болж тэр автобусанд овоо удсан удган явж таарч,даруй хөдлөхийг сануулж,өөрөө лаа асаан галаар ариутгаж эхлэв.Мэлмий тэнгэрийн нэг охин,та авгайгаа засахгүй бол хэцүүдэх нь гэж хэлдэг байгаа.Яах ёстойг хэлүүлж аваад,бодлоо төвлөрүүлж мэдрэх гэж оролдлоо.Санаа дагасан,яг мэдрэгдсэн хоёрыг эс ялган,нөгөө хар юмыг ховх татаад аваад хаячихдаг байгаа.Эхнэр маань гайгүй болчихлоо гэж хэлэхээр нь үнэн мэдэрчихэв үү,яав гэж эргэлзэж хоцорсон шүү хэ хэ.Зулзагын голд байхад нэг улаач охиныг саваар нь харвасан тул цус алдаж,шөнө эмнэлэгт хүргүүлсэн билээ.Тэр охин автобусанд явж байсан юм.Тэгсэн нэг хүү цагдаа болж ирээд л дүрэмдэж,жаал маргаан үүсгэж уур амьсгалыг бүүр эргүүлээд хаядаг байгаа.Нөгөө охины буурал нь дайрч ороод,хилэгнэж гарав.Нөгөө цагдаа гэсэн хүн чинь улаач болж,тэр буурлын улаач руу харваад байсныг тэсэхээ байгаад буурал нь буужээ.Нөгөө харвасан нөхөр нам болж,би тэр буурлын хилэнг тайтгаруулах гэж учир байдлыг хэлж,зөөлөн байж өршөөхийг гуйж байсан билээ.Иймэрхүү адал явдалтай явж,багагүй зүйл сурч мэдэж авсан аялал болсон билээ.Хотод ирээд буухдаа тэнд байсан энгийн хүмүүст учир байдлыг хэлж ойлгуулан тайлбарласан билээ.Гэхдээ мэдлэг нимгэн болохоор гүйцэт ойлгуулж чадаагүйгээ мэдэж байна даа. Дараа нь цуглаад болсон явдлаа ярьж, алдаа оноогоо дэнслэн, Аянгат удганыхаа харамгүй сэтгэлийн үрээр далд ертөнцийн мэдлэгт суралцах хичээл хийж байхаар болов. Энэ л шинэхэн улаач надад тун хэрэгтэйг хэлэх юун. Тэгээд өргөөний боссон улаач нар харвааг яаж мэдэрч гаргах,сөрөг эрчимтэй хүмүүсийг хэрхэн мэдрэх,яаж өөрийгөө хамгаалж хамгаалалт хийх гээд элдэв аргад суралцаж,амьдрал дээр турших аргыг хийж эхэлцгээсэн дээ. Хэн нэгэн илүү ихийг мэддэг байсан ч тэр нь зөвхөн өөрийнх мэтээр санадаг тул бусдад хэлэх төдийлөн таатай биш байдаг бололтой ер хэлэхгүй шүү.Харин Аянга удган өөрийн мэддэг бүхнээ сайн хэлж өгдөг билээ.Гэхдээ бүүр нарийн ширийн өөрийн буурлуудын нууц чадварын зүйлсийг хэлэхгүй байх нь өөрийнх л хэрэг байлгүй.Бусад зүйлийг сайн тайлбарладаг гэж би боддог.Бас зөвлөх удган минь, багш харамгүй хэлж өгдөг.Ийм л хүмүүсийн өгөөмөр сэтгэлээр далд ертөнцийн агуу эрдэмд хөл тавьж суралцаж эхэлж байна даа.Буурлууд минь үрс биднийгээ сургах гэж дэг жаягаас эхлээд сургаалаа айлддаг болж байна даа.Миний нөгөө зоргоороо байдаг ч лөөлөө болж байна даа.Гэр орондоо хэрүүл хийхийг үнэн үзэхгүй шүү.Буруутай нь заавал биедээ мэдэрнэ дээ,зугаатай ч юм уу даа бүү мэд. Аав минь анх буулгахад ажилтай гээд хөдөө яваад байгаагүй билээ.Өвөг дээдсүүд маань ир гэхгүй,тэднийг зовоогоод яах вэ?,өөрсдөө ирнэ гээд л амгалан байх юм.Буурлуудаа хүлээж аваад гурван сар болж байхад ирэхгүйл байгаа юм даа.Заримдаа өмнөөс нь миний уур хүрээд байгаа юм даа,гэтэл өвгөд амгалан байдаг сонин шүү.Өвгөд дээдсүүдээ хүлээж авсан чинь ажил үйлс яаж ийгээд бүтээд байдаг нь их сонин санагдаад болдоггүй.Хүмүүний амьдралын хэдэн хувь нь далд ертөнцөөс шалтгаалдаг болж байна аа бүү мэд.Бас өөрийн бодол санаагаар хэдэн хувийг хийдэг,далд ертөнцийн түлхээсээр хэдэн хувийг хийдэг бол гээд хачин хачин зүйл боддог болов.Мэдэрч толгойд орж ирж байгаа нь миний бодол уу,нөгөө өвгөдийн бодол уу,өөр хэн нэгэн мэдээ өгч байдаг бол гэх мэтээр эцэс төгсгөлгүй хөвөрч өгнө.Янз бүрийн сонин сонин байдал үзэгдэл мэдрэгдэхээр бүүр төөрөлдөж өгөхийг яана.Олон жил болсон хашир улаач нар болон илүү их мэдрэмжтэй улаач нар учир жанцанг нь мэддэг байх даа.Шинэхэн будаг ханхалсан би ч хэдэн жил будилах юм хэн мэдлээ.Магадгүй бага ч хугацаа орох ч юм уу,өөрийн оролдлого мэдэх байх даа.
Аливаа мэдэгдэж байгаагаа хэрхэн задалж ойлгох,яаж ямар аргаар гүйцэлдүүлэх,тэгээд тэр мэдэрч байгаа нь үнэн юм уу,худлаа юм уу,үнэн худлыг хэрхэн ялгаж мэдэх вэ? гээд түмэн асуух зүйл,бодол толгойд хуй салхи шиг эргэлдэнэ.Яг тийм гээд хэлчих загвар байдаггүй юм байх даа. Хэрэв зөв буруу хоёрыг өөрөө тодорхойлж чаддаг болбол их юмны учрыг тайлах шинжтэй шүү.
Энэ л учиг ухааныг мэдэх гэж олон олон улаач нар тэмүүлэн байдаг биз ээ.Өвгөд буурлуудынхаа хэлж ярьж буйгаар замнах ч,өөрийн гэсэн арга барил ухаантай байж болохгүй юм болов уу.За яахав,цаг хугацаа нь болохоор ойлгох байх гэсэн бодол тайвшруулна.Нэг л ухааныг нь олоход одоогийн минь цараа арай л хүрэхгүй шинжтэй нь мэдрэгдэнэ.Ямар янзын хачин тогоонд орчихсон явж байгаагаа хурдан мэдэх юмсан.Толгой хүрэх,хүрэхгүй ухааны ширэлдээ гэж байдаг юм байна аа.







0 comments:

Post a Comment