Төрөл арилжсан минь
Миний бие тэр нэгэн учрал хүртэл элдэв шашин шүтлэг үгүй, ёстой нэг дур дураа голохгүй дунд чөмөг сүүжээ голохгүй гэгчээр бодсон санаснаа чөлөөтэй ярьж хийн, зоргоороо тонгочиж,дарга даамлуудаас ч ширвээтэлгүй санаагаа хэлж,тэрслүү үндсэрхэг үзэлтэн хэмээгдэн явлаа.
2011 оны 9 сарын дундуур талийгаач дүүгийн минь хүү бөөгийн чанар дээр минь ирнэ үү гэсэн хүсэлт ирүүлдэг юм байна. Энэ хүү маань бөө болоод 2 жилийн нүүр үзэж байгаа боловч буурлуудаа биедээ буулгаж хүлээн авч чадаагүй дандаа багшийнхаа биед буулгадаг гэх юм. Би ямар бөө гэдгийг мэдэх биш, бас шүтэж явсан биш. Гэхдээ манай удам бөөгийн удамтай гэдгийг мэддэг боловч сонирхож явсангүй. Аав минь бөөгийн удмаа таслуулах гэж гурав дөрвөн ч удаа лам хараар явсан тухай сүүлд мэдэж билээ. Бөөгийн удмаа таслуулна гэдэг нь удам судраа хүлээн зөвшөөрөөгүйтэй адил бөгөөд улам догшируулж, өөрсдөөсөө холдуулах алхам болдог, түүнээс гадна лам хараар яваад  удам судар тасарна ч гэж үгүй, тэрний оронд хайрлан хүндэтгэж явах хэрэгтэй юм байна гэдгийг ухаж ойлгосон билээ. Би элдэв зүйл уншиж сонирхдог ч бөөгийн тухай зарим нэг зартай мундагчуудын домгийг гарчиглаж байснаас цаашгүй байлаа. Ингээд чанарт нь очсон боловч тэр өдрөө болсонгүй, маргааш нь болохоор хойшлогдсон тул орой нь нэг шил 0,75 л эзэн хааны нэртэй хар шошигтой архийг ганцаараа хүртээд дугжирваа хө. Маргааш нь хүү биедээ залах гэж хэд оролдоод бүтсэнгүй тул багш нь өөрийн биедээ залдаг юм байна.Багш нар нь Налайх дүүргийн Базар гэдэг нүдэнд дулаан тохьтой өвгөжөөр буриад зайран,Дугараа гэдэг нүдэнд  дулаан хижээл насны удган нар байсан.Өглөө нь намайг архи үнэртүүлэн байхад,та бид таарахгүй улс байна гэж архийг үздэггүй бололтой хэлэв.Дараа нь тэнд байсан хүмүүст эрчим өгөх гээд алгыг нь дээш харуулан суулгахад надад юу ч мэдрэгдсэнгүй. Тэгээд бууж ирсэн нэг хүнд, улаач хүү амар мэндийг нь мэдснийхээ дараа намайг танилцуулахад чухам тэвэрч аваад л, мэгшээд нэг л сонин байв. Би ямар урьд өмнө бөө дээр очиж байсан биш яаж мэдэхэв. Тэр багш нь жүжиглээд байгаа ч юм шиг хэ хэ. За тэгээд олны аяыг даган томоотой байж, миний удмынх болохоор бас чиг хэд гурван зүйл асууж авсан даа.
Тэр үед хэлснээс нь: “Бор дарснаас холд, бодол оюунаа цэгцэл, үйлээ одоо эхлэхгүй бол оройтох нь байна” гэсэн үгс,  мөн мануусын мандан бадрах цаг ирсэн гэж хэлсэн нь санаанд үлдэж дээ. Энэ нь удмын бид юм уу, Монгол улсаа хэлэв үү гэдгийг тэр үед ялгаж ухаараагүй л үлдсэн билээ. Эдгээрийг хэлсэн хүн бол удмын маань сүүлийн бөө 1965-1966 оны үед нас барсан, миний өвөр дээр нь эрхэлж байсан Ренчиндорж гэдэг авга өвөө маань байсан. Ренчиндорж авгын аав Цэрэндаш мээрэн өвөг минь нутаг усаа даасан том зайран хүн байсан бөгөөд Хатанбаатартай цуг Хятадын хар цэрэг, баруун зүг цагаантан Бакич нартай байлдаж явсан Цэрэндаш баатар гэж нутаг хошуу олондоо хүндлэгддэг хүн байсан. 1937 оны хэлмэгдүүлэлтээр баригдаад байцаагдсан юм шиг,тэгээд суллагдан нутгийн зүг явж байх замдаа өөд болсон гэдэг. Түшээт ханы нутаг чин ван Ханддоржийн хошуу Хан Жаргалант хайрхан, Чачиртын шар ширэнгээр нутаглаж байсан Улаан Ямаат омгийнхны сүр чадалтай Зайран удгадын угсаа, Гал бүрэн, Дөл бүрэн, Өлзий бүрэн хайрхдуудыг тахьдаг байсан эзэд нь миний өвөг дээдсүүд юм билээ.Миний өвөг дээдсүүд үе удмаараа бөө,шилийн сайн эрс явсан гэх түүхийг өмнө нь сонсож байсан тул бөө гэж юу байдгийг судлан сонирхох хүсэл төрсөн билээ. Аавд Налайх явсан тухайгаа хэлэхэд,чамайг нэг бясалгадаг ӨвөрМонгол хүнд үзүүлсэн чинь өөрийн буянаа бараад,өвгөдийн буянаа зараад дууссан,одоо үр хүүхдийн буян тогтох нь уу,үгүй юү бүү мэд гэлээ гэв.Голомтийн,галын гээд юу юу ч гэлээ олон засал хийлгэ гэдэг байгаа.Хүний амьдралыг нэг бясалгагч мэдээд байдаг нь ч юу билээ,шашин хийдүүд ч хүний зам мөрийг мэдээд байдаг ч юу билээ гэсэн шүү юм бодоод,хөх инээд хүрч аавтайгаа жаал маргаад өнгөрсөн юм.
2011 оны 10-р сарын эхээр цахим ертөнцөөр аялах хүсэл төрж, хүүгээрээ заалгаж аваад бөө гэж бичин нэвтрэхэд уншиж баймаар олон сэдэв гарч ирдэг юм байна. Тэр олон дундаас Эзэн Чингис Хаантай ярилцсан тухай бичлэг өөрийн эрхгүй сэтгэл, нүд хоёрыг зэрэг татсан билээ. Хавар Эзэн Чингис Хааныг маш тодоор зүүдэлсэн билээ. Зүүднийхээ тухай байнга боддог байсан ч тэгэсхийгээд мартсан байсан байжээ. Тэгээд тэр бичлэгийг сонсоод, өөрийн минь цээжин дотроос хөөр баяр ч юм уу, хүлээлт ч юм уу тийм гэж хэлэхийн аргагүй нэг зүйл хөвсөлзөөд байлаа...
Хаан дээдэс минь хажууд бүүр миний чихэн дээр хэлээд байгаа ч юм шиг сэтгэгдэл төрүүлж билээ. Сонирхуулахад, хүүгээрээ нэр усыг нь хайлган фээсбүүк гэдгийг нээлгэж аваад, ганцаараа ганц шил сархад задалж байгаад л анхныхаа бичээсийг явууллаа. Хариу нь бичигдээд ирдэг гэхээр хүлээгээд, сууж байлаа. Ингэхэд би ямар учиртайг мэдэхгүй ч Эзэн Хааныгаа болон 13-р зууны үеийг бусдаас их өмөөрдөг, хамгаалдаг байж билээ. 10 жилд сурч байхдаа сурах бичигт байдаг сонгодог зохиол болон түүхийг бүрэн эхээр уншсан байдаг байлаа. Манай түүхчид гадныхны үгийг их дагадаг, тэдний үгийг үнэн болгож мөрддөг их сонин сэтгэлгээтэй шүү. Тэр бүгдийг уншихаар уур хүрдэгсэн. Урлагийнхан ч ялгаагүй дээ. Оросын зохиолч Яны бичсэн Бат хаан номонд л ганц Сүбээдэй жанжныг өрөөсөн нүд нь харалган гэж бичсэн байсныг шүүрч аваад л кинондоо өрөөсөн нүдийг нь таглаад авах жишээтэй. Мөн саяхан гарсан “Хөх илдний очис” ч билүү зохиолд мөн л мэлмий гэмтэлтэй бичигдэх жишээтэй. Гэх мэтээр хөөгөөд байвал ихээхэн хөвөрнө дөө. Баларч байна шүү, хаашаа хадуураад явчихавдаа. Хариу хүлээгээд сууж байхдаа яаж зүгээр байхав балгасан шигээ талыг нь хүртээд байтал хариу ирлээ. Сандарсандаа би санаагаа ойлгуулж чадалгүй хоёр талаасаа жаахан үл ойлголцов уу яав, бас чиг шарлахав уу буруу болоод явчихдаг байгаа даа хөөрхий. Ингээд хоёр гурван хоног үргэлжлүүлэн харьцсан тул гэрт минь алсын зайнаас засал хийх шийдвэрт хүрснээр миний, хаан дээдэс болон Аянга удгантай танилцах түүхийн эхлэл тавигдаж билээ. Нэг сонин гайхалтай зүйл нь амьдралдаа үзэж байгаа ч үгүй мэдрэмж гэх юм уу бие дээрээ нэг зүйлийг мэдэрсэн юм. Тэр нь юу вэ гэхээр Аянга удганд өөрийнхөө талаар сайхан сэтгэгдэл төрүүлэх, нөгөө талаар баахан ёсгүй аашилснаа цайруулах санаатай биеэ жаахан магтасхийгээд сайн талаа бичээд явуулчихсан юм. Хүү маань цахим дээр суусан тул арга үгүй эрхэнд зурагтаар Солонгосын Тэ Жү Ён киног үзээд сууж байтал бие их хачин болоод нүүр ам халуу оргиод л, бие амьсгал давчдаад байж суух арга үгүй боллоо. Өмнө нь ер тэгдэггүй болохоор гайхсандаа эхнэр хүүхдүүдээсээ асуухад зүгээр байна гэх юм. За хөөрхий цус харвана энэ тэр нь болох гэж байгаа юм болов уу гэж бодоод орондоо хэвтэх санаатай хариу ирсэн эсэхийг шалгатал” бид мэдэж байна аа, сая манайхан наагуур чинь шалгаад ирлээ гэсэн” хариу ирсэн байлаа. Өө за ингэж мэдрүүлдэг юм байна даа гэж бодоод орондоо хэвтэж билээ. Маргааш нь бэлдэх зүйлсээ бэлдэж аваад заслаа хийлгэж билээ. Бэлдэх юм нь сүү, 1 шил архи, боов шоовхон л байлаа. Харин засал хийлгэж байхад ёстой мэл гайхаж цэл хөхрөнө гэдгийг үзсэн дээ. Яаж тэгэж мэдээд байдаг юм, тэр энэ тэглээ ингэлээ одоо сүү уу, архинд шүлсээ асга гээд л хэлээд байсансан. Амьдралдаа анх удаа бөөгөөр засал хийлгэж үзэж байгаа болохоор биширсэндээ биширсэн.Миний шүлс асгаран гоожоод л,нуруунд хүнд зүйл даран нухаад байх шиг,хамаг бие нэг л хүнийх юм шиг байж байгаад зүгээр болдог юм байна. Заслаа дуусаад Аянга удган маань гэрлийн өргөөний болон өөрийн блогийн хаягаа өгөөд уншаарай гэж хэлээд салсан даа. Би гэдэг хүн ямар ч өртөг төлөөгүй, өргөл барьц өргөлгүй заслаа хийлгэж авсан тул маадгар үлдсэндээ. Миний биед мэдрүүлж үлдсэн болгон ёстой гайхамшиг байсан. Аянга удганы блогтоо нэг танхай нөхөртэй үзэлцээд, сайдсан тухай бичсэн хүн нь би юм даа. Архи дарсанд шунамхай би гэдэг хүн тэр өдрөөс хойш сархад гээчийг хэрэглэх нь байтугай огт амсдаггүй болсон нь миний амьдралд гарсан томоохон өөрчлөлт болсон доо. Архи битгий хэл шар айраг, оргилуун дарс ч хоолой давахгүй болж төрөл арилжив. Хэлсэн дагуу нь гэрлийн өргөөнд орж, удганы блогийг уншдаг нэгэн боллоо.Өргөөнийхөө залуусаар заалган хэрхэн сэтгэгдэл бичих, хэрхэн харилцах, яаж пост оруулах гээд л компьютертэй холбоотой аргад суралцаж, арай мэдэмгүйгээ хүүхдүүдээ албанаас нь ирэхээр асуусаар олон найз нөхөдтэй болсон нь бас нэгэн өөрчлөлт боллоо. Агсан согтуу тавихгүй болохоор ар гэр минь ч амар амгалан болоод нэг л таатай даа. Урьд өмнө элдэв зүйлийг нэг их тоодоггүй нийгмээс өөрийгөө тусгаарласан зожигдуу бас сархад хүртдэг байсан болохоор бөөн алдаа, дан л загнуулах тул идэвхи султай л амьдарч байж дээ зайлуул. Танхай балчир нэрийг хаан дээдэс минь хайрласан болохоор энэ нэрэндээ дуртай гэж. Ингээд л унших дуртай болохоороо блогоо уншсаар л... Зарим үед өөрөө дотор нь орчихсон юм шиг, заримдаа гаднаас нь өөр хүний нүдээр шоолж ч үзэх сайхан даа, нэг л дотно сэтгэгдэл төрдөг юм.Удганы минь тухай  зарим хүмүүс бичихдээ, гэнэн хүмүүсийг уургалсан, мунхаг нь даган хошуурсан гэх юм ... Миний хувьд амьдрал хэрэгцээгээр тааруу байсан ч оюуны хувьд нилээд цэвэр явж ирсэн гэж боддог. Монгол Улсын нэртэй бичгийн хүний хүүхдийн хувьд дэлхийн сонгодгоос аваад гүн ухаан сэтгэлгээний бүтээл багагүй уншсан тул наана цааныг ялгаж салгахтайгаа насан дээр байгаагаа бодохоор мунхаг, гэнэнд тооцогдомгүй дээ. За энэ ч яахав.Ингэж өргөөнийхөнтэйгээ бужигналдан “ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ ГАЗАР ГАЗАР ГАЗАР” дуудлага үгээ хэлж, нар сар амьтайг батлах гэж зураг авч байлаа. Дуудлагаа хэлээд нар луу харсан хамгийн эхний өдөр нарнаас бэхэн ягаан өнгөтэй чиглэл заасан сум харагдлаа. Тэр сумыг дагуулан харсан чинь Монгол дээлтэй эрэгтэй хүний дүрс харагдахад мэл гайхаж, цэл хөхрөв. Зургийн хэрэгсэл далд байсан тул баримтжуулж чадаагүй билээ. Наран ээж тааламжтай сайхнаар ээн байсан 10 сарын 20-дын үед тагтан дээрээ ганц майктай байхад бие халуу оргин, биеэр ямар нэгэн урсгал гүйгээд байгаа юм шиг хөлс гарч, даарахыг мэдэхгүй зогсож байлаа. Урьд нь огт мэдэрч байгаагүй тийм сайхан мэдрэмжийг мэдэрч, цээж болон ходоод хавьцаа халуу дүүгэж байсан. Хүүхдүүдээрээ зургийн аппарат хэрэгсэл ил гаргуулсны дараа нар, сарны зургийг хангалттай авсан. Өмнө нь байгаль амьтай гэдгийг мэддэг уншдаг байсан ч нар, сарыг ийм байдлаар амьтай, ингэж нөлөө үзүүлдэг гэж бодож ч явсангүй. Материалист ухамсраар хүмүүжсэн тул аливаад барагтай итгэхгүй, шинжлэх ухааны нотолгоо, логик сэтгэлгээг нэхдэг байсан тул сар нарны зургийг олон янзаар нэг дор нэг байрлалаас дуудлагаа нэг хэлж, нэг хэлэлгүйгээр янз янзаар нэг л зургийн хэрэгслэлээр олон зураг авсан. Тэр бүү хэл талбай дээр очиж зурагчинд учраа хэлж, тэр хүний мэргэжлийн аппаратаар хоёулаа авч, ялгааг нь үзэж байлаа. Учир юу гэвээс аппаратны линзний тусгалын өөрчлөлт байж болзошгүй гэж үзээд туршиж байлаа. Яах арга үгүй хүн хүнээсээ, дуудлага хэлсэн хэлээгүйгээсээ хамаарч өөр өөр зураг гарч байлаа. Тэр хүний дүрс гардаг өдөр бас Монгол бичгээр бичсэн “ТЭНГЭР” гэдэг үг, мөн олон өөр дүрс, тэмдэгт нарнаас нил ягаан туяагаар урсан гарч байсан шүү. 11 сард Аянга удган өөрийгөө босгосон багштайгаа очиж уулзахыг зөвлөдөг юм байна.Би ч учрыг олоогүй болохоор тоолгүй хоног хугацаа өнгөрсөөр л... 11 сарын дундаас арай хойно аав дээрээ очиж архиа хаясан тухайгаа хэлэхэд баярлаж байгаа гэдэг жигтэйхэн, уйлж байж билээ. Мөнгө төгрөг өгдөггүй хүн чинь 10,000 төгрөг өгч тамхи юм уу, ном аваарай гээд өгч билээ хөөрхий. Тэр үед аавыгаа ямар ихээр хайрлаж, өрөвдөв дөө. Ямар ч байсан амьдад нь баярлууллаа даа гэсэн бодол төрж, миний нүднээс урсдаггүй нулимс минь урсан мэлмэрч байсансан. Урьд өмнө нь болохгүй байгаа амьдралдаа уур хүрч, дотогшоо мэгшдэг байсан нулимс минь гадагшаа урсаж билээ. Зарим үед ингэж уусаар яваад амиа хорлоод үхмээр санагддаг байсан ч ямар нэгэн зүйл тогтоон торгоож, гудамжинд согтон унаж, тэнэмэл явуулалгүй чангааж байлаа. За за цааш муу муухайгаа бичээд яахав дээ, наддаа үлдэгдээ. Тэгээд аав минь  сонин болгож нэг бөө, ах дүү болсон тухай дуулгалаа надад. Тэр бөө нь Булган нутгийн хүү, онгод тэнгэр нь аавтай хуурай ах дүү болохыг зааж, манай онгод буурлуудтай дээд тэнгэртээ зөвшөөрөлцсөн тухайгаа ярьсан нь, Аянга удганы багш Өлзийхутаг зайран байлаа. Аав минь сэтгэлээ хэрхэн ариусгах,яаж бодол оюунаа цэгцлэх гээд л өөрийн мэдэх уншсан бүхнээ заан хэлж,би анх удаа аавынхаа үгийг чин сэтгэлээсээ анхааран сонсон суусан мартахын арга үгүй сайхан өдөр болсон доо.Урьд нь би ихэвчлэн хэдэр аашилж,яриа минь хэрүүл болдог байсан юм.Олон сайхан эрдэмтэн мэргэд,ухаантнуудын яриаг орон гэртээ сонсож байсан ч цагийн урсгалд автан нөгөө чихээрээ гаргаж байж дээ.Олон сайхан урлаг соёлын мартахааргүй Дашхүү,Жамсранжав нар,дуучин Зориг,аяны шувуудын Төмөр,уянгын дуучин Төмөрхуяг,Баасанжав гээд л хүмүүстэй хатуу сархдын ширээнд үгсийн сайхныг урсгаж ч явлаа,эгэл боргил хэн ч мэдэхгүй нэгэнтэй ч нударга зөрүүлэн нөхөрлөж даварч ч явлаа,орон шоронд орсон,өвгөнтийн гэхтэй нь тааралдан домог ярин үлгэр зохиож хүүрнэлдэж ч явлаа.Сайхан үйл байхгүй буруут болон загнуулах ч тийм амар даваа биш шүү.Эхлээд гайгүй байдаг ч яваандаа дандаа л намайг харахдаа мууг минь дуудаж,буруу тохох гэлээ гээд л уураа баран байдаг байж билээ.Одоо бодохоор өөрөөсөө ичих юм даа.Энэ бүхнийг бичиж байгаа минь,иймэрхүү амьдралыг туулж өнгөрүүлсэн хэн нэгэн байгаа бол эртхэн өөрийгөө татаж аваарай.Эд баялаг,хөрөнгө дутуу байгаа ч аз жаргал,сэтгэл дүүрэн байдал таныг тойрон эргэлдэж хүлээж байдаг шүү.Та тэрийг харахгүй,өөрийн буруу бодлоороо хаачихаад,өөртөө төвөг удаад байдаг юм байна гэдгийг хэлэхийг хүссэн билээ.Миний амьдрал одоо шинээр эхэлж байгаа шиг догдолж байна даа. Арван жилээ төгсөөд Орос улсад сурахаар явсан ч архи зодоон,хичээл таслалт гээд базаахгүй байсаар хөөгдөөд ирсэн.Ирээд байрныхаа цэргийн зарлан дуудах ирсэн хүүхдүүдтэй архидаж яваад цэргийн комиссоор орж хэл сураггүй цэрэгт явчихав.Цэрэгт очоод арай л торгуулийн суманд явчихалгүй гурван жилийг авч халагдсан даа.Рот,штабын дарга нар хүүгийнх нь сахилгыг сайжиртал аавыг нь ангид авчирч байрлуулна гэж ярьдаг л байсан даа.Эргээд бодохоор зүгээр байсан ч юм шиг,зүггүй байсан ч юм шиг хэн мэдэхэв дээ.За тэгээд ажлын талбарт гарч хөдөлмөр хийх болж,сургуульд явахдаа харъяалагдаж байсан яам дээрээ очтол өмнөх сурсны төлбөрөө төл гээд Баянхонгор аймаг руу цөлдөг байгаа.Тэнд нь очоод ажилласан чинь хэрүүлч,архичин,мөрийтэй тоглоомчин,авгай хүүхний хөнжлийн сэжүүр татсан нэр авчихсан тууж явж байхад,дадлагын ажил хийх гэж ирсэн өндөр гоолиг сайхан оюутан охинтой танилцан,хурим найр ч хийлгүй нэг гэртээ орсон нь одоогийн минь хань,хоёр хүүхдийн минь эх билээ. Архангайн харьяат бүсгүй хаа байсан хотын хар юмтай Баянхонгорт танилцаж,гэр бүл болно гэдэг амьдрал ямар баян учигтай гэдэг нь харагдаж байгаа биз дээ.Харин хань ижилтэй болсонд аав ээж,төрөл садангууд овоо баяртай байсан байгаа юм даа.25 хүрсэн хүнийг одоо л засарна гэж бодоцгоосон биз дээ.Гэтэл хүний нэгэн бүсгүй үр зовох гэж байдаг,ороо бусгаа амьдрал гэж зэвүүн шүү.Одоо жаргаана даа хө.      
                  



0 comments:

Post a Comment